ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрийн Тав дахь үнэлгээг бүрэн дуусгаж, 36.22 сая ам.долларын санхүүжилтийг олгохоор боллоо

Source: IMF – News in Russian

19 ноября 2018 г.
Монгол улс нь Олон улсын валютын сангийн дэмжлэгтэй уг хөтөлбөрийг амжилттай үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа нь эдийн засгийн өндөр өсөлт гаргаж, төсвийн гол үзүүлэлтүүдийн зорилтыг давуулан биелүүлж байгаагаар харагдаж байна.
Активын чанарын үнэлгээгээр өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан банкууд 2018 оны 12-р сарын эцэс гэхэд өөрийн хөрөнгийн дутагдлаа нөхөхөөр ажиллаж байна.
Улсын секторын болон гадаад өр өндөр хэвээр байгаа энэ үед эрх баригчид шинэчлэлийн хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэх нь аливаа цочролыг даван туулах дархлааг бүрдүүлж, тогтвортой бөгөөд  хүртээмжтэй өсөлтийг хангахад нэн чухал юм.
ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр (ӨСХ)-ийн хүрээнд Монгол улсад гурван жилийн хугацаатай хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хэрэгжилтийн тав дахь үнэлгээгээ 2018 оны 10-р сарын 31-ний өдөр хийж  дуусгалаа.  Энэхүү үнэлгээг хийж дуусгаснаар Монгол улсад 26.2088 сая ЗТЭ (ойролцоогоор 36.22 сая ам.доллар)-ийн санхүүжилтийг нэмж олгохоор болж байгаа бөгөөд ингэснээр уг хөтөлбөрийн хүрээнд олгож буй нийт санхүүжилт 157.2454 сая ЗТЭ (ойролцоогоор 217.33 сая ам.доллар) болж байна. 
Хөтөлбөрийн хүрээн дэхь Монгол улсын гүйцэтгэл сайн үргэлжилсээр байна. 2018 оны 9-р сарын эцэст хүрсэн байх ёстой зорилтот тоон үзүүлэлтүүдийг хангах бодлогыг тууштай хэрэгжүүлж байгаа болон гадаад орчин таатай байсан нь эрх баригчдад дэмжлэг болж, улмаар төсвийн зорилтуудыг ихээхэн хэмжээгээр давуулан биелүүлсэн. Бүтцийн шинэчлэлүүдэд ахиц гарч байгаа ч зарим талаар удаашралтай байна.
Монгол улсад гурван жилийн хугацаатай олгох өргөтгөсөн санхүүжилт 2017 оны 5-р сарын 24-ний өдөр батлагдсан  бөгөөд энэ хүрээнд нийтдээ 314.5054 сая ЗТЭ буюу ойролцоогоор 434.3 сая ам.долларын зээл олгохоор анх тохирсон (Хэвлэлийн мэдээлэл No. 17/193-ыг харна уу) юм. ОУВС-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжих Засгийн газрын “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” нь эдийн засгийг тогтворжуулах, төсвийн алдагдал болон өрийн хэмжээг бууруулах, гадаад валютын нөөцийг нөхөн бүрдүүлэх, тэлэлт-агшилтын мөчлөгийн нөлөөллийг багасгах арга хэмжээг шинээр нэвтрүүлэх, тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг дэмжих зорилготой.
Уг хөтөлбөрийн үнэлгээг Захирлуудын зөвлөлөөр хэлэлцсэний дараа хурлыг даргалагч, Дэд тэргүүн ноён Мицухиро Фурусава дараах мэдэгдлийг хийлээ:
”ОУВС-гийн дэмжлэгтэй хэрэгжиж буй хөтөлбөрийн хүрээнд Монгол улс нь сайн ахиц дэвшлийг гаргасаар байна.  Түүхий эдийн экспорт таатай байж, итгэл үнэмшил сэргэн, хөтөлбөр сайн хэрэгжиж байгаа нь эдийн засгийн өсөлтийг хурдасгахад түлхэц болж, улмаар төсөв болон өрийн үзүүлэлтүүдийг сайжруулж байна. Төсвийн орлого огцом нэмэгдэж, зардал хяналттай байснаар төсвийн анхдагч тэнцэл ашигтай гарчээ. Түүнчлэн төлбөрийн тэнцэл дээр сүүлийн үед дарамт нэмэгдэж байгааг эс тооцвол, өмнө нь валютын нөөцийн зорилтыг давуулан биелүүлж  ирсэн нь тухайн улиралд гадаад валютын нөөцийн зорилтот түвшинг хангах боломжийг эрх баригчдад олгожээ.
“Санхүүгийн салбарын хувьд банкуудын активын чанарын үнэлгээ (АЧҮ)-ний дагуу шаардлагатай арга хэмжээг авахад анхаарлаа төвлөрүүлсээр байх учиртай. Холбогдох банкууд АЧҮ-ний үр дүнгээр тохируулах бичилтүүдийг хийж байгаа бөгөөд тэдгээрт газар дээрх хяналт шалгалтыг мөн хийж байна. Түүнчлэн өөрийн хөрөнгийн дутууг 2018 оны 12-р сарын эцэс гэхэд нөхөн бүрдүүлэхээр ажиллаж байна. Монгол банк нь энэ бүх үйл явцын туршид санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад анхаарлаа төвлөрүүлсэн хэвээр байх болно.”
“Энэхүү ахицаас үл хамааран Монгол улс нь гадаад болон дотоод цочролд өртөмтгий хэвээр байна. Тиймээс одоогийн эдийн засгийн таатай нөхцөл байдлын давуу талыг ашиглан төсвийн болон гадаад солилцооны хамгаалалт (buffer)-ыг нэмэгдүүлэх, банкны салбарыг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх нь нэн чухал байна. Түүнчлэн эрх баригчид цаашид нийгмийн халамжийн зардлуудыг хамгаалах, татварын удирдлага, зохицуулалтыг бэхжүүлж, улсын санхүүгийн удирдлагыг сайжруулахад үргэлжлүүлэн анхаарах шаардлагатай. Эрх баригчид энэхүү шинэчлэлийн хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлснээр цочролыг даван туулах дархлааг бүрдүүлж, тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангаж чадна”

Департамент общественных коммуникаций МВФ
ОТДЕЛ ПО СВЯЗЯМ С СМИ
СОТРУДНИК ПРЕСС-СЛУЖБЫ:
ТЕЛЕФОН:+1 202 623-7100АДРЕС ЭЛЕКТРОННОЙ ПОЧТЫ: MEDIA@IMF.org

MIL OSI